Skip to content Skip to footer
Started on July 25, 2026

Түмэн Олныг Гийгүүлэгч Банчин Ойбүрүл Ринбүүчи 1939 онд Түвдийн Лхас хотын ойролцоо малчин айлд мэндэлжээ. Түүнийг гурван настай байхад Банчин Богдын хойт дүрийг тодруулах ажил Түвд орон даяар өрнөж, эцсийн шатанд үлдсэн хоёр хүүхдийн нэгээр тодорч байв.

1951 онд Түвдийн Баашод мужийн Дашлхүмбэ хийдэд залран сууж, 1952 онд Лхас хотод Лхазун хувилгаанаас гэцэлийн сахил хүртэн Гоман дацанд шавилан суралцжээ.

1960-аад оны эхээр Түвдийн дүрвэгсдийн засгийн газрын шийдвэрээр Энэтхэгийн Варанасийн их сургуульд суралцаж, санскрит хэл бичиг, Энэтхэгийн гүн ухаан болон шашны ухааны олон салбарыг гүнзгий судалсан байна. Тэрээр Праманаварттика, Шаастрий, Ааръяа зэрэг эрдмийн зэрэг, үнэмлэхүүдийг хүртэж, Энэтхэгт дүрвэн ирсэн түвдүүдийн дундаас Ааръяагийн зэрэг хамгаалсан анхны хүмүүсийн нэг болжээ. Улмаар 1974 онд Гэвш Лхарамбын зэрэг хамгаалан, Өмнөд Энэтхэгт аг тарнийн ёсыг судалж, бурханы шашны номын ухаанд төгөлдөржин боловсорсон байна.

Дараа нь Варанасийн их сургуулийн дэргэд Түвд их сургууль байгуулах ажил эхлэхэд тус сургуулийн хичээлийн хөтөлбөрийг боловсруулах үүргийг хүлээн амжилттай гүйцэтгэсэн бөгөөд өнөөдөр ч уг сургалтын үндсэн хөтөлбөр хэрэглэгдсээр байна.

1973 оноос Энэтхэг дэх Түвдийн хийдүүдийг сэргээн байгуулах үйл хэрэгт оролцож, 1987 онд Дээрхийн Гэгээнтэн XIV Далай ламын илгээлтээр Их Британид шашны үйл ажиллагаа эрхлэх болжээ. Харин 1990 оноос өнөөг хүртэл Ирланд дахь “Жамбаалин” бурханы шашны төвийн тэргүүнээр ажиллаж байна. Тус төв нь Англи, Америк дахь салбаруудтай бөгөөд Сингапур, Индонез, Швейцарь зэрэг олон оронд номын шавь, дэмжигчидтэй болж өргөжин хөгжжээ.

Банчин Ойбүрүл Ринбүүчи 1995 онд Дээрхийн Гэгээнтэн XIV Далай ламыг Монгол Улсад айлчлахад дагалдан ирсэн төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд багтан анх удаа Монгол оронд заларсан юм. Тухайн үед Далай лам “Энгийн ард түмэнд бурханы шашны ном сургаалыг тайлбарлан таниулах үйлсэд өөрийн хувь нэмрийг оруулах нь зүйтэй” хэмээн айлдсан бөгөөд Ринбүүчи тэр цагаас хойш жил бүр Монгол оронд саатан морилж, номын болон нийгмийн сайн сайхны үйл ажиллагааг тасралтгүй өрнүүлсээр иржээ.

Тэрээр Монголд анх ирэхдээ гэр хороололд хараа хяналтгүй уйлж буй бяцхан хүүхэдтэй таарч, амьдралын бэрхшээлтэй өрх толгойлсон эхчүүд, хүүхдүүдэд туслах шаардлагыг гүнээ ойлгосон байна. Энэхүү учрал нь асрах, энэрэх, нигүүлсэхүйн бэлгэдэл болсон “Асрал төв”-ийг байгуулах сэдэл болсон хэмээн Ринбүүчи дурсан ярьдаг.

Монголын хүүхэд багачууд, гэр бүлийн сайн сайхны төлөө ажиллаж, ядуурлыг бууруулахад хувь нэмэр оруулах зорилгоор 2001 онд “Асрал төв” ТББ-ыг байгуулсан бол Монголын уламжлалт соёл, зан заншил, бурханы шашны өвийг түгээн дэлгэрүүлэх зорилгоор 2003 онд “Гүнчавжамбаалин” ТББ-ыг байгуулжээ. Тэрээр эдгээр байгууллагын үйл ажиллагааг байгуулагдсан цагаас нь эхлэн тогтмол санхүүжүүлж, тасралтгүй дэмжин ажиллаж байна.

Өдгөө Түмэн Олныг Гийгүүлэгч Банчин Ойбүрүл Ринбүүчи нь бурханы шашны номын үйлс, боловсрол, хүмүүнлэгийн ажил, хүүхэд хамгаалал, соёл уламжлалыг түгээн дэлгэрүүлэх үйлсэд хүчин зүтгэсээр байна.

1995 онд Банчин Ойбрүл Ринбүчи багш анх Монгол Улсад морилон ирэхэд өнөөгийн Асрал төвийн байрлаж буй хорооллын зах хэсэг нь “Харанхуй” хэмээн нэрлэгддэг, ядуурал, архидалт, гэр бүлийн хүчирхийлэл түгээмэл тархсан, нийгмийн хувьд эмзэг бүс нутаг байв. Тухайн үед олон айл өрх хашаа хороо ч үгүй, зөвхөн гэрээ барин амьдарч, амьдралын наад захын хэрэгцээгээ хангахын төлөө өдөр хоногийг өнгөрүүлдэг байлаа.

Ринбүчи багш гэр хорооллоор байнга явж, амьдралын хүнд нөхцөлтэй иргэдтэй уулзан тэдний зовлон бэрхшээлийг сонсож, боломжийн хэрээр тусалдаг байсан юм. Нэгэн өдөр тэрээр айлуудын дундуур алхаж явахдаа хаалга нь онгорхой гэрээс хүүхдийн уйлах чимээ сонсжээ. Гэрт ортол нэг орчим настай бяцхан хүүхэд орноос уяатай, дэргэд нь хар цай, хэдэн боорцог тавьсан байдалтай ганцаараа үлдсэн байв.

Ринбүчи багш ойр орчмоос нь асууж сурагласан ч хүүхдийг харж хандах хүн олдсонгүй. Харин нар жаргаж, орой болох үед нэгэн эмэгтэй гэртээ иржээ. Тэр эмэгтэй өрх толгойлсон эх байсан бөгөөд “Хэрэв би ажил хийхээр явахгүй бол бид хоёр хоёулаа өлсөж хоцорно. Хүүхдээ харах хүн байхгүй учраас ингэж үлдээхээс өөр аргагүй” хэмээн учирласан байна.

Энэ явдал Ринбүчи багшийн сэтгэлд гүн ул мөр үлдээжээ. Тэрээр тухайн эхийн буруу биш, харин түүнийг ийм сонголт хийхэд хүргэсэн нийгмийн хүнд нөхцөл байдлыг олж харсан юм. Ийнхүү өрх толгойлсон эхчүүд, эмзэг бүлгийн хүүхдүүдэд туслах хүсэл эрмэлзэл нь улам батжин, тэднийг хамгаалж, боловсрол, халамж, хөгжлийн дэмжлэг үзүүлэх зорилготой Асрал төвийг байгуулах эхлэл тавигдсан түүхтэй.

What's your reaction?
0Cool0Bad0Happy0Sad

Add Your Comment