
Made in Mongolia (MIM) – Эсгий гар урлалын хөтөлбөр нь өрх толгойлсон болон олон хүүхэдтэй эмэгтэйчүүдийн амьжиргааг дэмжих зорилготой. Хөтөлбөрийн хүрээнд эсгий урлал, оёдлын сургалтыг үнэ төлбөргүй зохион байгуулж, төгсөгчдийг ажлын байраар ханган ажиллуулдаг.
Өнөөдөр MIM хөтөлбөр нь өндөр чанартай эсгий бүтээгдэхүүн үйлдвэрлэн Европын орнууд болон АНУ зэрэг олон улсын зах зээлд экспортолж байна. Ингэснээр Монгол Улсад дэлхийн стандартад нийцсэн чанартай эсгий бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтойг гадаад, дотоодын хэрэглэгчдэд таниулж чадсан юм.
Хөтөлбөрийн онцлог нь үйлдвэрлэлээс олсон ашгаа зорилтот бүлгийн өрхийн хүүхдүүдийн боловсрол, нийгмийн хамгаалал, хөгжлийг дэмжих үйл ажиллагаанд зарцуулдагт оршино.
Өнгөрсөн хугацаанд MIM хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар хот болон Дундговь аймгийн Өндөршил суманд эсгий урлал, гар урлалын сургалт зохион байгуулж, 950 гаруй эмэгтэйг хамруулсан байна. Мөн 21 хүнийг тогтмол ажлын байраар ханган ажиллуулж, тэдний үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг олон улсын зах зээлд нийлүүлж байна.
MIM буюу “Made in Mongolia” брэндийн бүтээгдэхүүний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг www.madeinmongolia.net цахим хуудаснаас авах боломжтой.






