Түмэн Олныг Гийгүүлэгч Банчин Ойбүрүл Ринбүүчийн товч намтар
Банчин Ойбүрүл Ринбүүчи 1939 онд Түвдийн Лхас хотын ойролцоо малчны гэр бүлд мэндэлжээ. Гурван настайд нь Банчин Богдын хойт дүрийг тодруулах ажлын үеэр тодорч, 1951 онд Дашлхүмбэ хийдэд залран, 1952 онд Лхас хотод гэцэлийн сахил хүртсэнээр Гоман дацанд шавилсан.
1960-аад оны эхээр Варанасийн их сургуульд санскрит хэл, буддын гүн ухааныг гүнзгий эзэмшиж, 1974 онд Гэвш Лхарамбын зэрэг хамгаалсан. Варанасийн их сургуулийн Түвд сургуулийн хичээлийн хөтөлбөрийг боловсруулсан бөгөөд тус сургууль өнөөг хүртэл тэрхүү хөтөлбөрийг баримтлан ажиллаж байна.
1987 оноос Дээрхийн Гэгээнтэн XIV Далай ламын илгээлтээр Англид шашны үйл эрхэлж, 1990 оноос Ирланд дахь “Жамбаалин” буддын төвийн тэргүүнээр ажиллаж байна. Уг төв өнөөдөр Англи, Америкт салбартай, Сингапур, Индонез, Швейцарь зэрэг оронд шавьтай болон өргөжсөн байна.
Дээрхийн Гэгээнтэн 14 дүгээр Далай лам 1995 онд Монгол улсад айлчлах үед Ринбүүчи дагалдан ирж, “Та энгийн ард түмэнд бурханы шашны сургаалыг тайлбарлан таниулах их үйлсэд хувь нэмрээ оруул” хэмээх зарлигийг хүлээн авснаас хойш 30 жилийн турш жил бүр Монголд ирж буян номын үйл бүтээсээр байна.
Монголд анх ирэхдээ гэр хорооллоор явж байтал ганцаараа уйлж байсан жаахан хүүхэдтэй таарсан нь Асрал төвийг үүсгэн байгуулах гол сэдэл болсон хэмээн Ринбүүчи бээр хуучилдаг. Тэрхүү хүүхдийн дүрсийг “асрах, энэрэх, нигүүлсэх” гэсэн утгын бэлгэдэл болгон төвийн нэрэнд тусгасан юм.
Үйл ажиллагаа
Буддын сургаал ба хурал уншлага
Гүнчавжамбаалин ТББ нь Бурхан багшийн сургаалыг энгийн хэлээр тайлбарлан таниулж, буддын гүн ухаанаар дамжуулан амар тайван, зөв амьдрах арга ухаанд сургах ажлыг тогтмол зохион байгуулдаг. Одоогоор Шантидэва Гэгээний “Бодьсадвын явдалд орохуй” номын тайлбар болон хүүхдэд зориулсан “Бяцхан Будда” хөтөлбөр тогтмол явагдаж байна.
№ | Хурал, хичээлийн нэр | Цаг, хуваарь |
1 | Дарь Эхийн мандал шиваа, Дарь Эх цанриглах хурал | Билгийн тооллоор сар бүрийн шинийн 8-ны өдөр | 18:00 |
2 | Ламын Чодва — Багшийг тахихуй хурал | Билгийн тооллоор сар бүрийн 15-ны өдөр | 10:00 |
3 | Хутагт Алтангэрэл судрын уншлага, даллага авах | Билгийн тооллоор сар бүрийн 25-ны өдөр | 10:00 |
4 | Насанд хүрэгчдэд зориулсан буддын гүн ухааны хичээл | Баасан, бямба гариг бүр | 11:00 |
5 | Хүүхдэд зориулсан “Бяцхан Будда” ёс суртахууны хичээл | Бямба гариг бүр | 13:00 |
Нийгмийн үйл ажиллагаа
- Халуун хоол — өдөр өнжүүлэх төсөл
2001 оноос тасралтгүй хэрэгжиж буй энэ төсөл нь хяналт сул, эмзэг бүлгийн болон малчин өрхийн хүүхдүүдийг дэмждэг. Одоогийн байдлаар Улаанбаатар хотод 56 хүүхэд хичээлийн жилийн турш чанартай халуун хоол, сургалт, хүмүүжлийн ажилд үнэ төлбөргүй хамрагдаж байна.
- Цэцэрлэгийн дэмжлэгийн хөтөлбөр
14 хүүхдэд цэцэрлэгт хамрагдах боломж олгон хичээлийн болон ариун цэврийн хэрэгслэлээр хангасан. Гацуурт тосгонд гэр цэцэрлэг байгуулж, сургуулиудтай хамтран хүүхдийн орчин нөхцлийг сайжруулсан.
- Тэтгэлгийн хөтөлбөр
Жил бүр дундажаар 36 сурагч, оюутны сургалтын төлбөр болон хичээлийн хэрэгслийг Спонсершип хөтөлбөрөөр дэмжиж, багш нарын мэргэжлийн хөгжлийг хангадаг.
- Өвлийн хүнс, түлшний тусламж
Улаанбаатар хотын 42 өрх, Дундговь аймгийн Өндөршил суманы 15 өрхөд — нийт 57 өрхөд жил бүр хүнс, нүүрсний тусламж хүргэж, -47 градусын хүйтэн өвлийн хамгийн хэцүү үед дэмждэг. Жил бүр 30-40 ахмад настанд Цагаан Сарын бэлэг гардуулдаг.
- Made in Mongolia — эсгий гар урлалын хөтөлбөр
Өрх толгойлсон эмэгтэйчүүдийг үнэ төлбөргүй эсгий урлалын сургалтанд хамруулж ажлын байраар хангах хөтөлбөр. Одоог хүртэл 740 гаруй эмэгтэйчүүдэд сургалт явуулж, 16 өрхөд тогтмол ажлын байр олгосон. Бүтээгдэхүүнийг Европ, АНУ-д экспортоор гаргаж байна. (www.madeinmongolia.net)
- Хүнсний ногооны “Гацуурт” төсөл
2005 оноос Гацуурт тосгонд жил бүр 25-30 өрхөд үр, үрсэлгээ, сургалт, усан хангамжийг үнэ төлбөргүй олгон хүнсний ногоо тарих ур чадварт сургаж байна.
- Эрүүл мэндийн дэмжлэг
Баянгол дүүргийн Эх Амгалан өрхийн эмнэлэгтэй хамтран эм, боох материал хандивлаж, нярай, хэвтрийн өвчтөнд жил бүр эм, витамин олгодог. 2017 онд нярайн шарлалт хэмжих багаж нийлүүлснээр жилд 250-300 нярайг цаг алдалгүй үзлэгт хамруулах боломж бүрдсэн.
- Ундны усны хангамж
Дундговь аймгийн Өндөршил суманд 2009 онд ус цэвэршүүлэх систем суурилуулсан. Сумын эмчийн судалгаагаар элэгний хорт хавдар болон дотоод эрхтний өвчлөл мэдэгдэхүйц буурсан. 2025 онд худгийг иж бүрэн шинэчилсэн.
- Ёс суртахуун, нийгэмшлийн хөтөлбөр
Сургууль, цэцэрлэг, байгууллагуудад ёс суртахууны сургалт явуулж, Эмэгтэйчүүдийн хорих 407 дугаар анги болон Хүүхдийн хорих ангид буддын сургаалд тулгуурласан ёс зүй, сэтгэл зүйн зөвлөгөө, эсгий гар урлалын сургалт тогтмол зохион байгуулдаг.
Сайн дурын ажил
Асрал төв нь зорилгоо биелүүлэхдээ сайн сэтгэлт хүмүүсийн хамтын хүч дээр тулдаг. Та дараах хэлбэрүүдийн аль нэгээр биднийг дэмжиж болно.
Санхүүгийн болон биет дэмжлэг
- Сонирхсон төсөл хөтөлбөрийг сонгон санхүүжүүлэх
- Халуун хоол төсөлд хүнс, хоол хүнсний материал хандивлах
- Хүүхдийн тэмдэглэлт өдрийн арга хэмжээг хамтран зохион байгуулах
- Эмнэлэг, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг хамтран санхүүжүүлэх
- Төвийн байрны дотоод, гадаад засвар тохижилтод хандив өргөх
- Буддын номын хэвлэлд оролцох — номын эх бэлэн байдаг
Биет хандив
- Хуучин хувцас, гутал
- Хичээлийн хэрэгсэл, ном, сурах бичиг, тоглоом
- Эмнэлгийн хэрэгсэл, эм тариа
- Хүүхдийн тоглоомын талбай тохижуулах тоног төхөөрөмж
Хөдөлмөрийн оролцоо
- Сайн дурын багшаар ажиллах
- Хүүхэд, ахмад настанд зориулсан арга хэмжээнд туслах
- Мэргэжлийн ур чадвараа хуваалцах — эсгий урлал, эрүүл мэнд, боловсрол
- Оюутны сургалтын төлбөрт нэмэр хандив болох
Таны хийх бүхэн — цаг, хүч, хандив аль ч хэлбэрээр байлаа гэсэн — нэг хүүхдийн, нэг гэр бүлийн өдрийг өөрчилдөг.
